Багануур дүүргийн удирдлага, иргэд 1450 ширхэг улиас тарьжээ
23 May 2021
  • Багануур дүүргийн удирдлага, иргэд 1450 ширхэг улиас тарьжээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, мөн цагдаагийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд жил бүр үе шаттай арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс цар тахлын дэгдэлтийн үед ажиллаж буй албан хаагчдын ажиллах орчныг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхээр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст явуулын ажлын байр шийдэж өглөө.

Мөн үеэр “Байгалиа хамгаалъя” нэгдсэн аяны  хүрээнд зохион байгуулж буй ажил болон ногоон байгууламжийг нэмэх хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай танилцсан юм. Багануур  нь ойн болон усан сан бүхий газар нутаг ихтэй нийслэлийн дүүрэг. Мөн ан амьтан, байгалийн дагалдах баялаг арвинтай. Иймд, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх магадлал өндөртэй. Тэгвэл "Байгалиа хамгаалъя" аян болон хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Багануур дүүргийн иргэд, удирдлага Мянганы зам дагуу 1450 ширхэг улиас мод тарьжээ. Харин нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 3500 ширхэг хайлаасаар ургамлан хашлага хийж, 250 ширхэг шар хуайс мод тарьсан байна. Түүнчлэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Багануур дүүрэгт ажиллах үеэрээ Хэрлэн голын ай сав, дүүргийн цэвэр ус хангамжийн наран станцын үйл ажиллагаа чанарын шаардлага хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл авч, шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ