Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа
21 May 2021
  • Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр зарим түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлд түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний 13 байр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд өнгөрсөн онд 2269 иргэн үйлчлүүлсэн бөгөөд эдгээрийн 60 орчим хувь нь хүүхэд байжээ. Дээрх хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг байна.

Мөн хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт өдөрт дунджаар 260-300 дуудлага ирдэг байна. Хүүхэд хамгааллын дуудлагын дийлэнх хувийг үл хайхрах хүчирхийлэл эзэлдэг аж. Тус төв нь цахим орчинд чатпотыг ашиглаж эхэлснээр чимээгүй дуудлагын тоо багасжээ.
Түр хамгаалах байранд амьдарч байгаа хүүхдүүдийг дугуйланд хамруулах, спортоор хичээллэх боломжийг нээж өгөх, түр хамгаалах байруудыг төрөлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хамтарсан багийг чадваржуулах зэрэг саналыг түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний зохион байгуулагчид хэллээ.
Тухайлбал, хүүхдийн тусламжийн утас 108-ын дэргэдэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” нь 25 орны хүчин чадалтай. Гэвч хоногт 35-40 хүүхэд хүлээн авах тохиолдол гардаг. Иймээс түр хамгаалах байрны орны тоо, бүтцийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатайг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Э.Батбаяр хэллээ.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Хүүхдийн тусламжийн 108 дугаарын  дуудлагын 92 хувийг нийслэлээс ирж байгаа дуудлага эзэлж байна. Энэ нь нийслэлд эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын ажлыг сайжруулах, түр хамгааллын байрыг нэмэгдүүлэх шаардлага байгааг илтгэж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа түр хамгаалах байруудыг стандартад нийцүүлэх, илүү тав тухтай орчинг бүрдүүлэх, бүтэц орон тоог нэмэх шаардлагатай байна. Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл энэ чиглэлд анхааран ажиллана” гэдгийг хэлэв.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ