Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл хуралдлаа
20 May 2021
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл хуралдлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2021 оны төлөвлөгөөт ажлын эхний таван сарын биелэлтийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд нэмэлт оруулах асуудлаар хуралдлаа.
Тус зөвлөл 2021 онд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймэр болон үер усны гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 7 чиглэлийн хүрээнд 40 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төлөвлөгөө өдгөө 57 хувийн биелэлттэй үргэлжилж байна.

Үе усны аюул, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс гадна хүний буруу үйл ажиллагааны улмаас үүдэлтэй гал түймрийн эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл цаашид барилга байгууламжид газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж, паспортжуулах, болзошгүй газар хөдлөлтийн үед түр цугларах цэгт тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, иргэдийг үер усны аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх, улмаар аливаа гамшгийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан онцоллоо.
Ташрамд, Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд тус зөвлөлийг 2017 онд байгуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар даргалуулсан байдаг. Тэгвэл 2020 онд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу бодлого тодорхойлж, төсөв баталдаг байгууллага буюу Нийслэлийн ИТХ-ын дэргэд байгуулах нь зүйтэй гэж тогтсон юм. Үүний дагуу Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн хоёрдугаар сард Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Ингэснээр зөвлөлд нийслэлийн ИТХ-ын хороодын дарга, нийслэлийн удирдлага, ЗДТГ, түүний харьяа газрууд, НМХГ, НОБГ болон холбогдох бусад алба, олон улсын байгууллагын төлөөллүүд зөвлөлд орж ажиллаж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ