Энэ оны эхний улиралд нийслэлд байгаль орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгджээ
07 May 2021
  • Энэ оны эхний улиралд нийслэлд байгаль орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгджээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулах, таслан зогсооход төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүж, хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд “Байгалиа хамгаалъя” аяныг энэ сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд орон даяар зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 622 бүртгэгджээ. Үүний 80 хувь нь хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг байсан талаар Экологийн цагдаагийн албаны тоон мэдээнд дурдсан байна.
Тэгвэл нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн олонх нь мөн энэ төрлийн хэргүүд байдаг ажээ. Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэх, газар хашаалах, ус бохирдуулах хэрэг, зөрчлүүдээс гадна химийн бодис, амьтны эд эрхтэн худалдах, тээвэрлэх гэмт хэрэг нийслэлд түгээмэл бүртгэгддэг. Энэ оны эхний улиралд нийслэлд байгаль орчны эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн байна” гэсэн юм.
Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аяны хүрээнд нийслэлийн ой мод, амьтан, ургамлыг хамгаалах, Туул, Сэлбэ голын ай сав газар дахь зөрчлүүдийг арилгахад чиглэсэн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Та бүхэнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллаарай.
Нийслэлийн Иргэн Таны дуу хоолой байгалиа хамгаалж чадна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ