СӨХ-үүдийг мэдээллийн нэгдсэн сантай болгох шаардлагатай гэв
07 May 2021
  • СӨХ-үүдийг мэдээллийн нэгдсэн сантай болгох шаардлагатай гэв

Сууц өмчлөгчдийн холбоо болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлээр дүрэм, журмын төсөл боловсруулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийж, “Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл” ТББ-ын саналыг сонсов.
Тус зөвлөлд 800 гаруй СӨХ гишүүнээр элсэн, үйл ажиллагаа явуулдаг аж. Оршин суугчдаас СӨХ-дэд инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбай, тохижилттой холбоо олон гомдол гаргадаг талаар зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар танилцуулгадаа дурдлаа. Мөн тэрбээр өдгөө мөрдөж буй хуулиар 2-оос дээш өрх өмчлөлийн гэрчилгээгээ авсан тохиолдолд, дундын өмчлөл үүсэж СӨХ байгуулахаар зохицуулсан байгаа үйл ажиллагааг доголдуулж байна гэв. Тиймээс 200-гаас дээш өрх нэгдэж, дундын өмчлөл байгуулсан тохиолдолд СӨХ байгуулдаг журам хэрэгтэй гэв. Түүнчлэн иргэд төлбөрөө төлдөггүйн улмаас СӨХ-ны үйл ажиллагаа доголддог тул хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг хэллээ.

Энэ мэтээр сууц өмчлөгчийн болон нийтийн зориулалттай орон сууцны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх, үүргийг тодорхой болгох, СӨХ-үүдийг мэдээллийн нэгдсэн сантай болгох, төлбөрийн жишиг тарифыг албажуулах гэх мэт шийдвэрлэх асуудал олон ажээ. СӨХ-үүдийг мэдээллийн нэгдсэн сантай болгосноор улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй засвар, тохижилтын ажлыг үр дүнтэй байлгах, орон сууцны байруудын насжилт, хийгдсан засвар үйлчилгээг хянах бүрэн боломжтой болно гэдгийг зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар онцолсон.
Танилцуулга, саналыг сонсоод хуралдааны төгсгөлд журам, стандартад оруулах саналыг энэ сарын 15-ны дотор Ажлын хэсэг хүлээн авч, нэгтгэхээр тогтлоо. Мөн ирэх долоо хоногт ажлын хэсгээс хувийн болон төрийн ОСНАА-н контор болон зарим СӨХ-ийн үйл ажиллагаатай танилцах юм. ОСНАА-н конторын үйл ажиллагаатай танилцах үед гэрээтэй ажилладаг СӨХ-үүдийн удирдлагыг байлцуулах хэрэгтэйг ажлын хэсгийн ахлагч, Тэргүүлэгч М.Халиунбат онцоллоо.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ