НОСК-ийг өөрчлөн зохион байгуулах тухай хэлэлцэв
29 Apr 2021
  • НОСК-ийг өөрчлөн зохион байгуулах тухай хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн хурлын 13 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу Нийслэлийн ИТХ ээлжит хуралдаанаараа “Төрийн орон сууцны корпораци”, “Нийслэлийн орон сууц корпораци”-ийг  нийлүүлж, өөрчлөн зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийг нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг орон сууцжуулах бие даасан бодлогыг хэрэгжүүлэх, орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын газрын нөөцийг үр ашигтай төлөвлөн эргэлтэд оруулах замаар хотын суурьшлын бүсийг хөгжүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг хямд орон сууцаар хангах зорилгоор 2015 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд НОСК  нь “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Түрээслээд өмчлөх орон сууцны журам”-ыг батлуулж, түрээслээд өмчлөх, газрыг орон сууцаар солих, дахин төлөвлөн барилгажуулах замаар 7000 гаруй айлыг орлогод нийцсэн орон сууцаар хангаад байна. Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан хэдий ч уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ. Хурлын төгсгөлд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийг өөрчлөн байгуулах асуудалд хувьцаа эзэмшигч буюу Нийслэлийн ИТХ-ыг төлөөлж ажиллах төлөөлөгчдийг томилж, Монгол Улсын Засгийн газар, салбарын яамдтай саналын нэгдсэн байр сууринд хүрч, хувьцаа эзэмшигчдийн саналыг тусган Нийслэлийн ИТХ-д танилцуулж ажиллахыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт тогтоолоор даалгалаа.  
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ