Ж.Батбаясгалан: Хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ
26 Apr 2021
  • Ж.Батбаясгалан: Хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын  талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дахь Зуун айлын барилгын материалын захыг тус парк руу үе шаттай нүүлгэж буй. Өнгөрсөн жилүүдэд паркийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эхлүүлээд байгаа билээ. “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын дарга С.Батжаргал өнөөдрийн хуралдаанаар “Кэй Эйч Эм Зэт Фактору” ХХК-иас эзэмшлийн 50 га газрыг паркид шилжүүлэн, мөн тус компанийг паркийн нэгжээр бүртгэх асуудлыг танилцууллаа.
“Кэй Эйч Эм Зэт Фактору” ХХК нь жилд ачааны 1000-1500 вагон угсрах, засварлах үйлдвэр барихаар Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах санамж байгуулж, Багахангай дүүрэгт 50 газар эзэмших болжээ. Улмаар ТЭЗҮ боловсруулан, байгаль орчны үнэлгээгээ хийлгэн, тусгай зөвшөөрлөө авчээ. Өнгөрсөн гуравдугаар сард тус компаниас эзэмшил газраа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-т шилжүүлж, нэгжээр ажиллах хүсэлт гаргасан байна. Ингэснээр 800 гаруй ажлын байр шинээр бий болж, төмөрлөгийн болон хайлуулах зэрэг үйлдвэрүүд ашиглалтад оруулна гэдгийг “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын дарга С.Батжаргал танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хувийн хэвшлийн гаргасан санаачилга, саналыг дэмжинэ. Ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг сайн мэдээ. Гэхдээ аливаа шийдвэрийг хууль, тогтоомжид нийцүүлэх ёстой" гэсэн юм.
Тэргүүлэгчид “Кэй Эйч Эм Зэт Фактору” ХХК-ийн гаргасан саналыг холбогдох хууль, журмын хүрээнд судалж, Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид тэмдэглэлээр үүрэг болголоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ