Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл иргэдэд эрүүл мэнд,  хууль зүйн мэдлэг олгоно
22 Apr 2021
  • Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл иргэдэд эрүүл мэнд, хууль зүйн мэдлэг олгоно

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 2021 оны ажлын төлөвлөгөө, “Гэр бүлийн өдар”-ийн хүрээнд хийх ажлынхаа талаар хэлэлцлээ.
Зөвлөл улс төрийн нам үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр дотоод ардчиллын зарчмыг баримтлан ил тод үйл ажиллагаа явуулах юм. Энэ хүрээндээ 2021 онд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ахмад настны эрүүл мэнд болон  гэр бүлийг дэмжих  гэсэн дөрвөн үндсэн чиглэлд ажиллана. Төлөвлөгөөт ажлуудынхаа бэлтгэлийг хангасан, тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох уулзалтуудыг хийсэн талаар хурлаар хэлэлцлээ.

Мөн өнөөдрийн хурлаар “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан  Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс иргэдэд эрүүл мэнд, гэр бүл, сэтгэл зүй болон хууль зүй зэрэг зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахимаар дамжуулан өгөхөөр тохиролцлоо.
Ташрамд, жил бүрийн тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ “Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ