Үер, усны аюулаас сэрэмжлээрэй
19 Jul 2021
  • Үер, усны аюулаас сэрэмжлээрэй

Ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдсэн, мөн амралт, зугаалгын идэвхтэй үе тохиосонтой холбогдуулан нийслэл, орон нутгийн Онцгой байдлын газрын аврагчид завьт эргүүл ажиллуулж, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж байгаа. Гэсэн ч иргэд санамсар, болгоомжгүй байдлаасаа болж усанд осолдох, эндэх тохиолдол цөөнгүй байна. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 10-18-нд 33 удаа усны осол гарч, 22 хүн амиа алджээ. Нийслэлд 6, орон нутагт 16 хүн эндсэнээс дөрөв нь хүүхэд байв. Золгүй байдлаар амиа алдсан иргэдийн олонх нь Туул, Хараа, Хэрлэн, Эг зэрэг томоохон голд живсэн бол тав нь тогтоол усанд энджээ. Иргэд голдуу сэлэх, загасчлах, зураг авахуулах зорилгоор усанд орсноос амиа алдсан бол, хийлдэг гудастай усанд осолдож, урссан тохиолдол хэд хэд гарчээ. 

Тэгвэл ойрын өдрүүдэд зүүн болон төвийн аймгуудын зарим нутагт дуу цахилгаантай, усархаг, аадар бороо орох төлөвтэй байгаа тул мөндөр, нөөлөг салхи, аянга, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулъя. 

  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинаар зорчих

  • Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх

  • Гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, мөн ганцааранг нь орхихгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ