Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийг Хангарди одонгоор шагналаа
07 Jul 2021
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийг Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн иргэдийнхээ аюулгүй тайван амьдралын баталгаа болж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал болох Хангарди одонгоор шагналаа. Хангарди одонг өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тус ангийн дайчин туганд зүүж өгөв. Нийслэлийн онцгой байдлын аврах анги байгуулагдсанаас хойших 50 шахам жилийн хугацаанд олон зуун мянган га ой хээрийн түймрийг унтрааж, нийслэл хотынхоо ногоон бүсийг хамгаалан, 115.202 хүний амь насыг үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн осол, химийн хорт бодис, тэсрэх бодисын осол, ахуйн хүрээний осол, амиа хорлох оролдлого, нурангийн осол, объектын гал түймэр, усны осол, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчнөөс авран хамгаалжээ. Мөн төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 3,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн юм. 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Өнөөдөр коронавируст цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн маань ард иргэдээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Та бүхнээрээ бахархаж байна. Онцгой байдлын албанд Өргөсөн тангарагтаа үнэнч, зориг баатарлаг Та бүхэндээ авран хамгаалах ариун буянтай үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ