“Зорчигч тээвэр III”: Үүсээд буй өр төлбөрийг  цахилгаан автобусны орлогоор барагдуулах боломжтой
02 Jul 2021
  • “Зорчигч тээвэр III”: Үүсээд буй өр төлбөрийг цахилгаан автобусны орлогоор барагдуулах боломжтой

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган “Зорчигч тээвэр III  болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Улс, орон нутгийн төсөв,  орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой уг  ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажиллаж байгаа юм. 

Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж дээрх хоёр  байгууллагын санхүүгийн тайлан, шугамын орлого болон машин цагийн зардлын санхүүжилт, өр төлбөр хэрхэн үүссэн талаарх мэдээллийг сонсов.  
“Зорчигч тээвэр III” ОНӨААТҮГ  нь нийт 117 автобустай. Хот доторх дөрөв, хот орчмын есөн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тус байгууллагын 30 автобусны ашиглах хугацаа дууссан, 50 автобус насжилт өндөр байгаагаас техникийн гэмтэл ихсэж, сэлбэг материал, шатахууны зарцуулалт нэмэгдсэн. Энэ нь өр төлбөр ихээр хуримтлахад нөлөөлсөн гэдгийг “Зорчигч тээвэр III” ОНӨААТҮГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Батчимэг хэллээ.
Мөн төслөөр 35 цахилгаан автобус хүлээн авч, өнгөрсөн сараас  15 гаралтаар шугамд явж эхэлсэн байна. Энэ сараас ажлын өдрүүдэд 30, амралтын өдөр 24 гаралтаар шугамд үйлчлэхээр төлөвлөсөн бөгөөд 2021 онд нийт 1,116 сая төгрөгийн ашигтай ажиллах тооцоог гаргажээ. Цахилгаан автобусны орлогоор үүсээд байгаа өр төлбөрийг барагдуулах боломжтой гэж тус газар үзэж байна.

Харин “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ 283 нийтийн тээврийн хэрэгсэлтэй. Өдөрт дунджаар 80 гаруй мянган  зорчигч тээвэрлэдэг. Жилд дунджаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэлд засвар  үйлчилгээ хийдэг байна. Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Энхбаяр “Цар тахлын улмаас 2020 онд нийтийн тээврийн үйлчилгээнд хязгаарлалт хийснээс орлого буурсан. Мөн бараа материалын үнэ нэмэгдсэн зэргээс шалтгаалж алдагдал нэмэгдсэн” гэв. Харин нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байршуулбал шугамын орлого нэмэгдэнэ гэж үзэж буйгаа хэлсэн юм.  Ийнхүү мэдээлэл авсны дараа ирэх долоо хоногт ажлын хэсэг дээрх хоёр байгууллага дээр очиж ажиллахаар боллоо. 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ