Нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөт ажил 60 орчим хувийн биелэлттэй байна
02 Jul 2021
  • Нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөт ажил 60 орчим хувийн биелэлттэй байна

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (НГХУСАЗСЗ) ээлжит хуралдаанаа хийж, эхний хагас жилийн үйл ажиллагааны биелэлтээ дүгнэж, нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Тус зөвлөлийн  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож түүнийг арилгахад чиглэсэн 2021 оны төлөвлөгөөт ажлуудын биелэлт 60 орчим хувьтай байна. Тус зөвлөлөөс хууль, хяналтын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа техник хэрэгслийн хангамж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхааран ажиллаж буй. Үүний зэрэгцээ соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгааг НГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхээр машин, техник хэрэгслийн шинэчлэлийг хийгээд байна. Цаашид холбогдох байгууллагуудыг арга зүйгээр хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хоорондын уялдааг сайжруулан төлөвлөгөөт ажлуудаа судалгаанд тулгуурлан хэрэгжүүлнэ. 
НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ болзошгүй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах хүрээнд соён гэгээрүүлэх, сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм. 
Цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг дороос уншина уу.
 
Гэмт хэрэг 25.9 хувиар буурчээ
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргалын танилцуулснаар энэ оны эхний хагас жилд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 25.9 хувиар буурч, зөрчлийн хэрэг 1.2 дахин өсжээ. Бүртгэгдсэн зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78.6 хувиар өссөн нь дүүрэг дэх Цагдаагийн газрын харьяанд Замын цагдаагийн хэлтэс харьяалагдаж, тус газрын тоо мэдээнд дүгнэгддэг болсонтой холбоотой ба нийт зөрчлийн 162.980  буюу 70.7 хувийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих“-д заасан зөрчил эзэлж буй аж. Харин коронавируст халдварын  улмаас тавьж буй хорио цээрийн дэглэм ахуйн хүрээний архидан согтуурал, улмаар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болж буйг хурандаа Р.Отгонжаргал хэллээ. Тиймээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хяналтыг сайжруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
Зам тээврийн ослын улмаас 39 хүн нас барж, 536 хүн гэмтжээ
ТЦА-ны Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Жавхлантбаатар нийслэл хотын зам, тээврийн осол, зарчлийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Энэ оны эхний хагас жил зам тээврийн ослын холбогдолтой дуудлага 11.3, бүртгэгдсэн осол 20.3 хувиар буурчээ. Гэвч зам, тээврийн ослын улмаас нийслэлийн хэмжээнд 39 хүн нас барж, 536 хүн гэмтсэн байна.
Зам, тээврийн ослыг бууруулах, хүүхэд осолд орохоос сэргийлэх хүрээнд ТЦА-наас эхний хагас жилд 4 удаагийн аян зохион байгуулжээ. Мөн камерын хяналтыг сайжруулж, нэмж 4 байршилд камер байршуулсан байна. Цаашид явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Зам тавьж өгье” аян зохион байгуулж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх хүрээнд эцэг, эх, багш, нийгмийн ажилтнуудад тусгайлсан сургалт орохоор төлөвлөсөн байна.
 
Ил галаас үүдэлтэй 257 түймэр гарсан байна
Нийслэлийн Онцгой байдлын газар объектын гал түймрийн 757, өнжмөл өвс шатааж, гал алдсан 43 дуудлага хүлээж авчээ. Улмаар 526 иргэний амь, 7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Бүртгэгдсэн гал түймрийн 180 нь зуух, цахилгааны аюулгүй байдал алдагдсан, 257 нь ил гал гаргаснаас үүдэлтэй байгаа аж. Тиймээс иргэдийг гал алдахаас сэрэмжилж, аюулгүй байдлаа сахихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.
Төлөвлөгөөт хяналт, шалгалтын хүрээнд 1451 объектыг шалгаж, 5678 зөрчил илрүүлэн холбогдох арга хэмжээ авсан талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар онцолсон.
 
Хүчирхийллийг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэхэд анхаарна
Нийслэлийн хэмжээнд 171 хамтарсан баг хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авч, сэргийлэх ажлыг зохион байгуулж буйг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий мэдээллээ.  Мөн тус газар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 450 мянган хүнийг хамруулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, 83.7 мянган хүнд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулжээ.
Нийслэлийн хэмжээнд  түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний 13 төв үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 248 эмэгтэй, 351 эрэгтэй хүн түр хамгаалах байрнаас үйлчилгээ авчээ. Түүнчлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас энэ оны эхний хагас жилд 250 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Тиймээс тус газраас цаашид дэлгэцийн донтолт, хүчирхийлэл, дарамт, шахалт, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, хөвгүүдийг хүчирхийллийг үл тэвчих ёс суртахуун, зан чанарт төлөвшүүлэх талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, зохион байгуулах, хүүхдэд зориулсан үйлчилгээний чанар, хяналтыг сайжруулахаар төлөвлөж байна. Гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүд голдуу архины хамааралтай байгаа тул тэдэнд зориулсан нөлөөллийн арга хэмжээ мөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн дэлгэцийн донтолт, хүчирхийлэл, дарамт, шахалт, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, хөвгүүдийг хүчирхийллийг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан арга хэмжээ зохион байгуулах юм.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ