7-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нэгдсэн хуралдаанаар шинэчлэнэ
18 Jun 2021
  • 7-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нэгдсэн хуралдаанаар шинэчлэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, нийслэлийн ойгоос 2021 онд бэлтгэх модны хэмжээг батлах, нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэж авах, хөрөнгө хасах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Сүхбаатар дүүргийн IX-XII хороо буюу “Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг танилцууллаа.
Дээрх VII нэгж  хорооллыг 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд бүртгэн, шинэчлэн зохион байгуулж байна. Одоогийн байдлаар тус хорооллын иргэдийн 70 хувь нь орон сууц, 30 хувь гэр хороололд амьдарч байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн байдал хангалтгүй, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ бага зэргээс шалтгаалан тус хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний ажлын дундаж үзүүлэлт 40.4 хувьтай байгаа аж. Иймээс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах шаардлага үүсээд байгааг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга хэллээ.


Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталснаар тус хорооллын хэт төвлөрөл, нягтрал багасч, хороолол доторх автозам ашиглалт, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ. 
Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэхь дүүргүүдийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх 146 тооны дурсгалыг жагсаалтад бүртгэлээ. Хуралдааны төгсгөлд Налайх дүүрэгт барьж ашиглалтад оруулсан  2 цэцэрлэг, цагдаагийн хэлтэс, хорооны барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон 6 байршил дахь ус түгээх байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч шийдвэрлэлээ.
 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ