Эмэгтэйчүүдийн зөвлөл Хотын даргатай хамтран гэр бүл, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр хөтөлбөр боловсруулна
30 Mar 2021
  • Эмэгтэйчүүдийн зөвлөл Хотын даргатай хамтран гэр бүл, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр хөтөлбөр боловсруулна

Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулсан билээ. Тус зөвлөл 2021 онд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ахмад настны эрүүл мэнд болон  гэр бүлийг дэмжих  гэсэн дөрвөн үндсэн чиглэлд анхааран ажиллах юм.

Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай уулзаж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар уулзалтын эхэнд “Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай, шинжлэх ухаанчаар суурьнаас нь эхлэн шийдэхийг бид зорьж байна. Энэ хүрээндээ 2021 онд дөрвөн чиглэлд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, судалгаа хийж байна. Тиймээс бидний ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазар зөвлөлийн ажлыг бүх талаар дэмжихээ илэрхийлээд “Нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад анхаарч Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсанд баяртай байна. Миний бие Нийслэлийн Засаг даргын хувьд зөвлөлийн ажлыг бүрэн дэмжиж ажиллана. Мөн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран гэр бүл, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр хөтөлбөр боловсруулна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ