Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ
25 Mar 2021
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар үргэлжлүүлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралтай холбоотой уг хуулийг 1994 онд баталж, өнгөрсөн хугацаанд нэг удаа өөрчлөлт оруулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болсон. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг тус хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хууль нь уялдаа муу, заалт нь давхардсан зэрэг дутагдалтай. Ажлын хэсгийн Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Р.Дагва ахалж буй.

Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан хуулийн төсөл долоон бүлэг, 46 зүйлтэй. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хотыг хөгжүүлэх бодлого, хотын онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгажээ. Мөн Нийслэл нь нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан байна. Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд нийслэл өөрийн хөрөнгөд үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтуудыг холбогдох бусад хуульд нийцүүлэн тусгасан аж. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажил хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн ИТХ-аар батлууулах зохицуулалт хийжээ.
Нийслэлийн дагуул хот, хаяа тосгоны асуудлыг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах шаардлагатай. Одоогийн хуулиар эл харилцааг нарийн зохицуулаагүй байдаг. Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөлд дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгасан байна. Мөн Улаанбаатар хотын захирагч нь Ерөнхий менежерийг томилж ажиллуулах,  зарим бүрэн эрхээ шилжүүлэх боломж олгож буй онцлогтой. Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва “Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь таван бүлэг, 23 заалттай. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулийн заалтуудыг өргөтгөж, эрх зүй, эдийн засгийн боломжийг хотод олгох талаас нь шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд төсөлтэй холбогдуулан өмнөх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, зарим хууль, тэдгээрийн дагалдах хуульд өөрчлөлт оруулах төслүүд, УИХ болон Засгийн газрын зарим тогтоолд өөрчлөлт оруулах төслийг танилцуулж байна” гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн  ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага болон иргэдээс цахимаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн 23-ны өдөр байгуулсан. Энэ ажилд 45 төлөөлөгчдийг идэвхтэй оролцохыг уриалъя” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын V хуралдаанаар хуулийн төслийг дэмжиж, гарсан саналуудыг нэгтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгалаа.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ