БНМАУ, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчааг “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө
22 Mar 2021
  • БНМАУ, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчааг “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан залууст түүхийг таниулах, бахархуулах бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээндээ БНМАУ, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол Улаанбаатар хотын Хүндэт иргэнээр дахин өргөмжиллөө. Мөн нислэгийн багийн гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын нисгэгч С.Сайнцог нарыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм. Шагнах гардуулах ёслолд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан, нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй хүмүүс оролцов.


Ёслолыг нээж нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ “40 жилийн тэртээх Монгол хүн сансарт анх ниссэн энэ үйл явдал бол манай улсын шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлалын үүсэл болсон. Тиймээс энэ өдрийг хүүхэд залууст таниулах, бахархуулах олон арга хэмжээг Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон бусад холбогдох газрынхан хамтран зохион байгуулж байна.  Монгол Улсын сансар судлалын үүсэл хөгжилд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, сансрын нисгэгч В.Джанибеков нарын бүрэлдэхүүнтэй ОХУ, Монгол Улсын анхны нислэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Иймд сансар судлалын шинжлэх ухааны судлахуунд үнэтэй хувь нэмэр оруулсанг өндрөөр үнэлэн Монгол Улс, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн хүндэт иргэнээр дахин алдаршуулж байна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ