22 Mar 2021
  • Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн мэндийг өргөн дэвшүүлье

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн тэр өдрөөс хойш 40 жил улирчээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдлын үр дүнд Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Түүнчлэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Зөвлөлт, Монголын сансрын хамтарсан нислэгийн үед хийгдсэн судалгааны ажил, тавьж байсан зорилтууд өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. Өнгөрсөн 40 жилд хийсэн сансар судлал, сансрын технологиуд асар хурдтай хөгжиж, өнөөдөр хүн төрөлхтний дийлэнх хэсгийн өдөр тутмын амьдралын бодит хэрэглээ болоход ч түүхэн үүргээ гүйцэтгэсэн юм. Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн мэндийг өргөн дэвшүүлье.