Төрийн албаны ерөнхий шалгалтыг 13.094 иргэн өгнө
12 Mar 2021
  • Төрийн албаны ерөнхий шалгалтыг 13.094 иргэн өгнө

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хот дахь шалгалтын нээлт нийслэлийн төр захиргааны V, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт боллоо. Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, С.Идэрчулуун, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Батбямба болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Улсын хэмжээнд 13.094 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө. Тэднээс 5800 орчим иргэн нийслэл хотод уг шалгалтыг өгөх аж. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл хотод энэ сарын 19, хөдөө орон нутагт 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өмнөх жилүүдэд нийслэлд уг шалгалтыг  нэг ээлжиндээ 250 иргэнээс авч байсан бол цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан  энэ жил нэг ээлжинд таван танхимд нийт 160 иргэнээс  шалгалтыг авахаар төлөвлөжээ. Өмнөх жилүүдэд уг шалгалтыг өгөхдөө өөрийнхөө оронд өөр хүнийг оруулах  зөрчил гардаг байжээ. Тэгвэл энэ жил  шалгалт өгөх гэж буй иргэдийн хурууны хээг уншуулан оруулж байна. Мөн уг шалгалтад бэлтгэгчдэд зориулан гар утасны “E-taz” аппликэйшн нэвтрүүлээд байна.
  


“Төрийн албан хаагчийн мэдэж, чадаж байх ёстой наад захын мэдлэгээр шалгалтыг авдаг. Энэ нь төрийн албыг чадваржуулах, иргэд төрийн байгууллагад ажиллаж өөрсдийгөө хөгжүүлэх, манлайлах боломжийг нээж өгөхөөс гадна албан хаагчдыг төрийн үйлчилгээ авч буй иргэдэд ойлгомжтой, шуурхай үйлчилгээ үзүүлэх чадамжтай болгох гээд олон зорилгыг агуулж байгаа юм. Цар тахлын энэ үед ч төрдөө ажиллах хүсэлтэй иргэдийг дэмжих ёстой. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахин шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн төрийн албаа ч шинэ залуу боловсон хүчнээр тасралтгүй ханган нөөц бүрдүүлэх ёстой” гэдгийг Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Батбямба онцолсон.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн харьяа байгууллагуудад 34 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төрийн албан хаагчийн нөөцөд 2020 оны байдлаар 3000 орчим иргэн бүртгэлтэй байна.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ