Нийслэлд үнэт цаасны бонд гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна
09 Feb 2021
  • Нийслэлд үнэт цаасны бонд гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулах  тухай хэлэлцэн баталлаа. Тодруулбал, нийслэл хотын 1.4 сая иргэний эрүүл, аюулгүй байдал, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо хандуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч төсөв, санхүүгийн хувьд хүрэлцээгүй байгаа юм. Иймд хөрөнгө босгож, бонд гарган төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага үүсжээ. Иймээс нийслэлд бонд гаргах асуудлыг судлан, ажлын хэсэг байгуулах саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийслэлд бонд гаргах ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ-ын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс төлөөлөл ажиллана. Ажлын хэсэг нь бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг нийслэлийн ИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлж байлаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг байгуулж байна. Иймээс энэ чухал ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хяналт тавих ёстой" гэв.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ