Олон улсын стандартад нийцсэн шахмал түлшний үйлдвэр нээлтээ хийлээ
08 Dec 2020
  • Олон улсын стандартад нийцсэн шахмал түлшний үйлдвэр нээлтээ хийлээ

Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Олон улсын стандартад нийцсэн тус үйлдвэр нь дэргэдээ эрдэм шинжилгээ, судалгааны төвтэй бөгөөд дотоодын хэрэгцээг хангахаас гадна олон улсад бүтээгдэхүүн экспортлох боломжтой аж.
Тус үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Сайжруулсан түлшний хоёр дах үйлдвэрийн нээлтийн үеэр НИТХ-ын дарга, Таван толгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан: “Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломж бүрдэх бөгөөд Налайх дүүрэгт 1500 ажлын байр бий болох юм. Мөн шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болж нэмэгдэнэ. Цэгүүдийн тоо нэмэгдсэнээр иргэд хол явалгүй гэрт ойр байрлах цэгээсээ түлшээ авах, нөөцлөх боломж бүрдэнэ” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ