Нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийлээ
13 Nov 2020
  • Нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийлээ

УИХ-аас Монгол Улсын 2020 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах, мөн 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг Нийслэлийн ИТХ ээлжит бус II хуралдаанаараа хэлэлцэн, шийдвэрлэлээ. Цар тахлын аюултай нүүр тулсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед нийслэлийн ИТХ-ын Ажлын алба төрийн ажлыг тасалдуулахгүйгээр технологийн дэвшил ашиглан,  аливаа хуралдааныг цахимаар зохион байгуулж буй. Энэ хүрээнд ээлжит бус II хуралдааныг цахимаар зохион  байгуулсан юм.
Хотын шуудын 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд, ХҮН-ын төлөөлөгчид холбогдох албаны хүмүүсээс тодруулга авч,тодорхой саналуудаа хэлсэн. Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус үндэслэн Нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийлээ.
2020 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулахдаа тэвчиж болох зардлуудаа бууруулж, эхлээгүй ажлуудыг хойшлуулах, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үр ашигтай зарцуулах төсвийн төслийг төлөөлөгчид хэлэлцэн баталсан. Мөн цар тахлын үед шуурхай арга хэмжээ авч хэмжээ авч ажиллах, түүнд шаардлагатай төсвийг нэмэгдүүлж баталлаа.
Төсөвт ийнхүү өөрчлөлт оруулсан нь иргэн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх, цар тахлын үед өрхийн орлогыг тасалдуулахгүй байх, ажлын байрыг хадгалж үлдэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийтийн тээврийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ