Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцлаа
30 Oct 2020
  • Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг, Инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн  тэргүүтэй албаныхан өнөөдөр Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцаж, удирдлагатай нь уулзав.
Тус яам болон нийслэл хот 18 жилийн турш санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нийслэлийн удирдлагад Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн баярын мэндийг хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Тэрбээр "Өнгөрсөн дөрвөн жилд батлан хамгаалах салбар эрх зүйн орчноо боловсронгуй болгон ажилласан. Ирэх жилүүдэд хууль, эрх зүйн хэрэгжилтийг ханган ажиллана. Үүнд нийслэлчүүд болон хотын удирдлагын оролцоо чухал. Батлан хамгаалах салбарын алба хаагчид бүтээн байгуулалтын ямар ч салбарт хамтран ажиллахад бэлэн" гэв.
Одоогийн байдлаар Батлан хамгаалах яам гадаадын 32 улстай цэргийн, таван улстай цэрэг, техникийн хамтын ажиллагаатай ажиллаж байна.  2002 оноос хойш давхардсан тоогоор 19.000 цэрэг, дайчин энхийг сахиулах үйлсэд ажиллагаанд амжилттай оролцсон байна. Өнөөдрийн байдлаар 1188 дайчид энхийг сахиулах үйлсэд үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.



Уулзалтын төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Манай  хоёр байгууллагын хамтын ажиллагаа хүүхэд, залууст эх оронч үзэл суулгахаас эхэлдэг. Иргэдэд эх оронч үзлийг хүүхэд наснаас нь суулгасны дараагаас хотын соёлыг ярих учиртай. Хот болон Батлан хамгаалах яамны хамтын ажиллагааны хүрээнд олон асуудлыг шийдсэн. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах ажилд тус салбарын алба хаагчид үр бүтээлтэй ажилласан. Иймээс нийслэлчүүдийнхээ өмнөөс тус салбарын алба хаагчдад талархал илэрхийлье” гэв.  
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ