Шинэ автобусыг захын хорооллын сурагчдыг зөөхөд зориулна
11 Jun 2020
  • Шинэ автобусыг захын хорооллын сурагчдыг зөөхөд зориулна

Ирэх хичээлийн жилд нийслэлийн ЕБС-ийн сурагчдад үйлчлэх 200 ширхэг автобусыг БНХАУ-аас оруулж ирэхээр болжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханаас тодрууллаа.

-БНХАУ-аас авах 200 ширхэг сурагчдын автобус хэзээ ирэх вэ. Энэ тоо цаашид нэмэгдэх үү?
-Ирэх хичээлийн жилд нийслэ­лийн ерөнхий боловсролын сур­гуулийн сурагчдад үйлчлэх 200 ширхэг автобусыг зургаа, долоо болон наймдугаар сард оруулж ирэхээр болсон. Улаанбаатар хотын хэмжээнд улсын 224 дунд сургууль бий. Эдгээр сургууль руу дунджаар 30 мянган сурагч нийтийн тээвэр ашиглах, эсвэл заавал хэн нэгнээр хүргүүлэх шаардлагатай гэсэн судалгаа бий. Эхний ээлжинд холоос сургуульдаа явдаг 15 мянган сурагчийг туршилтын байдлаар дээрх 200 автобусаар тээвэрлэх юм. Нэг автобус нь 54 хүүхдийн багтаамжтай. Хуваарилалт хийж, чиглэлээ тодорхой болгосны дараа нэмэлтээр автобус авах эсэхээ шийднэ. 
-Эдгээр автобусыг сургуулиудад хэрхэн хуваарилах вэ? ­
-Сургуулиудад хуваарилахгүй. Хотын зах хэсгээс төв рүү орох шаардлагатай гэр хорооллын хүүхдүүдэд зориулж байгаа юм. Сурагчийн автобус өглөө, орой хоёр ээлжийн сурагчдыг гэр, сургуулийн хооронд тээвэрлэнэ. Захын хорооллын сурагчид гэрээ­сээ гараад ойролцоох төв зам дагуух тогтсон цэгт ирж унаандаа суух ёстой.
-Санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа вэ. Хэдэн төгрөг зарцуулж байгаа бол? 
­Урт хугацааны хөгжлийн сан­хүүжилтээр хийж байгаа учраас гурван жилийн хугацаанд буцааж төлөх нөхцөлтэй. Нэг автобус 130 мянган ам.долларын үнэтэй. Нийс­лэлийн төсвөөс 350 тэрбум төг­рөгийг ирэх гурван жилд нийтийн тээврийн шинэчлэлт, сургуулийн автобусанд төсөвлөсөн. Одоо хувийн хэвшлийн санхүүжилтээр явж байгаа гэсэн үг. 
-Эдгээр автобус зөвхөн сурагчдыг сургуульд нь хүргэж өгөх зориулалттай юу? ­
Энэхүү автобус нь БНХАУ­-д үйлдвэрлэсэн хүүхэд тээвэрлэх олон улсын евро­-5 стандарт хангасан дизель хөдөлгүүртэй. Сурагчдыг сургуульд нь зөөхөөс гадна музей үзэх, аялал болон зуслан явах зэргээр хүүхдийн автобус хэрэг болдог бүхий л үйлчилгээнд ашиглаж болно.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин