Нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүрэгт барьж байна
14 Apr 2020
  • Нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүрэгт барьж байна

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн хөгжлийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна. Тодруулбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх "Цагдаа" толгой орчимд байгуулахаар болсон нь энэ юм. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлж, сагс болон хөлбөмбөгийн талбай барьж, дугуйн зам тавих гэнэ. Мөн хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай хийхээр зураг төсөлд тусгажээ. Ингэхдээ орчин үеийн стандартаар гүйлтийн зам тавих юм байна. Түүнчлэн эко хавтангаар автомашины 100 зогсоол байгуулах ажээ.

Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд энэ зун бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Уг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламжийн ажилд сайн дураараа оролцох иргэдтэй хамтран ажиллахад нээлттэй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх онцоллоо.



Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ