Мэндчилгээ
18 Mar 2020
  • Мэндчилгээ

Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, энх тайван, эв нэгдлийг сахин хамгаалагч зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон цэргийн салбарынхан, эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж яваа энхийг сахиулагчид Та бүхэндээ Монгол цэргийн баяр болон зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Эх орны төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, бүлээн цус, бүтэн амиа зориулсан цэрэг дайчдын алдар гавьяаг алдаршуулан мөнхжүүлж, энх цагт эх орноо батлан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй цэрэг, дайчдын хөдөлмөр зүтгэлийг ямагт үнэлж байх учиртай.
Тусгаар Монгол Улсын иргэн хэмээн овоглосноороо бахархан бахдаж, ирээдүй хойч үедээ энх цагийг бүтээсэн их үйлсийг ойлгуулах, утга агуулгыг таниулах өдөр юм.
Энэхүү өдөр хүн бүрт эх оронч сэтгэл зүрх огшиж, монгол цэргийн баатарлаг үйлсийг магтан сайшааж, хэл, соёл үндэс угсаа, үүх түүхээ ойлгон ухаарч, эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрэх өдөр билээ.
Энэ мэтчилэн он цаг улирах тусам утга агуулга, үнэ цэнэ нь төгөлдөржиж буй тэмдэглэлт өдөр бол яахын аргагүй зэвсэгт хүчний ойн баяр, эр цэргийн баяр юм.
Нийслэл Улаанбаатар хотын эрт, эдүгээгийн үүсэл, хөгжил дэвшилд монгол цэргийн гүйцэтгэсэн үүргийг үнэлж баршгүй. Улаанбаатар хотод сүндэрлэх шинэ цагийн бүтээн байгуулалтуудад цэрэг дайчид гар бие оролцон зүтгэж явсан.
Өнөө цагт нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг сааруулах, хийгээд бүтээн байгуулалтын олон ажилд Батлан хамгаалах яамны туслалцаа дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж байгааг онцлон хэлье.
Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн өнөөдрийн онцгой нөхцөл байдалд хамгийн сахилга баттай, хариуцлагатай, бусдад үлгэрлэн, ачааны хүндийг үүрч байна. Энх цагийн боловч эх орны тусгаар тогтнолыг бэхжүүлэх, нэр хүндийг хамгаалах, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө хүнд талбарт ажиллаж буй цэрэг эрсээрээ бид энэ өдөр дахин бахархаж, талархах ёстой юм.
Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадрах болтугай. Та бүхэндээ баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва