Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва  нийслэлийн Онцгой байдлын газарт явуулын ажлын байр өгөхөөр шийдвэрлэлээ
12 Mar 2020
  • Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн Онцгой байдлын газарт явуулын ажлын байр өгөхөөр шийдвэрлэлээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга,  Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва  нийслэлийн Онцгой байдлын газарт явуулын хоёр ажлын байрыг өгөх шийдвэр гаргасан.  Ингэснээр халдварт өвчний хөл хориотой үед өдөр, шөнөгүй  ажиллаж буй  цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын  албан хаагчдын ажиллах нөхцөл эрс сайжирч байгаа юм. Энэхүү явуулын ажлын байр нь давхар дулаалгатай хаалгатай, паркетан шалтай, хоёр давхар шилэн цонхтой, ачиж тээвэрлэх зориулалтай эвхэгддэг шат, чиргүүл бүхий эд ангиудтай юм.



Мөн  компьютерийн иж бүрэн хэрэгсэл болон зургийн аппарат, гадна камер, сүлжээ цацах төхөөрөмж зэрэг ажлын байрны бүхий л шаардлагыг хангасан учраас албан хаагчид  Шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой болжээ. Одоогоор  албан хаагч гар утсаараа  мэдээллийг хүргэж, улмаар нэгдсэн удирдлагатай холбогдсоны дараа асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

Түүнээс гадна  албан хаагчдын ээлжээр амрах боломжийг хангаж, эвхэгддэг ор, телевиз, халаагуур, ус буцалгагч, ханын шүүгээ, сандал, агааржуулагч, цахилгаан зуух болон гал тогооны хэрэгслийг байрлуулжээ.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ