Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
02 Mar 2020
  • Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо

Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанаар шинэ коронавируст халдварын /КОВИД-19/ шинээр үүссэн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, шинээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалтын талаар зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.Хуралдааны эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр коронавирусний халдвараар нийт 87003 хүн өвчилж, 2977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэрсэн 41675 иргэн эмнэлгээс гарсан тухай мэдээллээ. Коронавирусний халдвар БНХАУ-аас гадна 57 улсад бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, Солонгос, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ. Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх эрсдэл өндөр байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар ХӨСҮТ нийт 302 хүнийг ажиглалтад тусгаарлаж байгаа аж. Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналтын цэгийг ажиллуулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж байгааг холбогдох албанаас мэдээлэв. Түүнчлэн  халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага, сургалтыг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөцлөлтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Өнөөдрийн байдлаар хүнсний нөөцлөлт хэвийн хэмжээнд байгааг тэрбээр онцоллоо. Нөөцийн махны үнийн хөөрөгдөл, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өргөтгөсөн худалдаа”-г зохион байгуулахад хамтран ажиллах талаар бөөний худалдааны томоохон 11 зах худалдааны төвийн удирдлагатай уулзалт хийсэн байна. Тэрбээр “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах бүрдүүлэлт, хадгалалт хэвийн үргэлжилж байна. Мөн болзошгүй гамшгийн үед хоол хүнсээр хангах ажлын хүрээнд хоол хүнсээр хангах мэргэжлийн ангийн гэрээг байгуулж, зарим хоол үйлдвэрлэлийн хүчин чадлын судалгааг гаргасан” гэдгийг онцлов.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ