Урт цагааны одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов
20 Feb 2020
  • Урт цагааны одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдааны төгсгөлд Урт цагааны өнөөгийн нөхцөл  байдлын талаар мэдээлэл сонслоо. Танилцуулга мэдээллийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хийв. Тэрбээр ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай санал гаргасан. Нийтдээ 8000 ам метр талбайтай 12 корпусаас бүрдсэн "Урт цагаан" үйлчилгээний төвийг 30 аж ахуй нэгж нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэд цааш нь 400 гаруй иргэн, аж ахуйн нэгжид дамлан түрээсэлдэг байна. Түүнчлэн тус барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй  болсон тул яаралтай засвар хийх, эсвэл дахин төлөвлөн өөр барилга барих нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргасан аж. Иймээс “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох болсон байна.Танилцуулга мэдээлэл сонсох үеэр төлөөлөгчдийн зүгээс Улаанбаатар хотын эртний барилгуудын нэгийг шууд нурааж, өндөр байшин барилга барьж болохгүй гэдгийг хэлж байв. Үүний оронд дахин төлөвлөн залууст зориулсан арт, галлерэй байгуулж болно гэв. Мөн түрээслэгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, тэдний ажлын байрыг хамгаалж үлдэх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, дэмжив. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Бямбадорж, Ч.Гантулга, Б.Мөнхбат, Г.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, Т.Цэрэнноров нарыг өөрчилж, шинээр Ж.Алдаржавхлан, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Ц.Сандаг-Очир, Ц.Төрхүү, Ж.Эрдэнбат нарыг  Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулав.  
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ