Гавьяат эдийн засагч, академич, С.Нямзагд нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон хүртэв
27 Dec 2019
  • Гавьяат эдийн засагч, академич, С.Нямзагд нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон хүртэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч, академич, “Этүгэн” их сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга С.Нямзагдыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр гардуулан өгөв.
Гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд нь 1981 онд Монгол Улсад, 2003 онд ОХУ-д эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд 1998 онд профессор цол хүртжээ. Түүнчлэн 2003 онд Монгол Улсын шилдэг эдийн засагч, 2005 онд Монгол  Улсын гавъяат эдийн засагч цол хүртсэн байна.
Монгол Улсын Их Сургуульд багшаар 1973 онд ажлын гараагаа эхэлж, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн захирал, УИХ-ын гишүүн, Төсөв санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хорооны гишүүн, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректороор ажиллаж байгаад 2007 оноос Удирдлага, эдийн засаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллуудын консерциумын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
Тэрбээр “Хөгжлийн эдийн засгийн асуудлууд”, “Монголын хөгжлийн загварууд”, “Залуучуудын мэргэжлийн чиг баримжаа”, “Эдийн засгийн сэтгэлгээ” зэрэг сэдвүүдээр лекц уншиж, томоохон суурь судалгаа хийн, эдийн засаг, татвар, гаалийн харилцааг зохицуулах олон хуулийн төслийг удирдан боловсруулжээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ