Мэндчилгээ
27 Dec 2019
  • Мэндчилгээ

Эрхэм хүндэт нийслэлчүүддээ угтан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх жилд хийж хэрэгжүүлэх олон ажлаа төлөвлөж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал  иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, тэдний санал бодлыг сонсох, бодлого, үйл ажиллагаандаа тусгах эрхэм үүрэг хүлээн ажиллаж байна.
Бид агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлсэнээр агаар орчны бохирдлыг 40 орчим хувиар буурууллаа. Мөн нийслэлийнхээ бяцхан иргэдийн тав тухтай зорчих, авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлсэн нь олны талархлыг хүлээж байна.
 Замын цагдаагийн гүүрэн гарц, Сонсголонгийн гүүр, Налайхаас Чойр хүртэлх  авто зам шинээр ашиглалтад орж, дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгжив.
Хотын хөгжлийг бүтээн байгуулалтаар хэмжиж болох ч  иргэдийнх нь амьдрах орчин нөхцөл хэр байх нь хамгийн гол шалгуур хэмээн үзэж байна.  Их хотод иргэдээ аз жаргалтай амьдруулахын тулд өрх бүр наад захын хэрэгцээгээ хангасан орлоготой байх нь хамгийн чухал.
Төр хувийн хэвшлийн  хамтын ажиллагааг сайжруулж, иргэдээ ажилтай орлоготой байхын төлөө томоохон хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Бид ирэх онд эдгээр ажлуудаа улам бататган, нийслэлчүүдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчныг хангахын төлөө ажиллах болно. Хотын ойрын болон дунд хугацааны хөгжлийн  бодлогыг зөв тодорхойлж, санхүүгийн болон захиргааны эрх мэдлийг бүрдүүлж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргах боломжтой юм. Үүний тулд ирэх жил нийслэлийн бодлогын тулгуур бичиг баримтад эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай болж байна.
Эх орныхоо зүрх нь болсон Нийслэл хотын айл өрх бүр халуун дулаан гэр бүлээрээ  ирж буй шинэ оноо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.
 Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье.
 
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга  Р.Дагва