“Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл" дэд хөтөлбөр баталлаа
26 Dec 2019
  • “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл" дэд хөтөлбөр баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын танилцуулгыг сонсов.  
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, сайжруулсан түлшийг хэрэглэж, утааг бууруулах ажилд хүн бүрийн оролцоо бий болж, хүчээ нэгтгэж, үр дүнд хүрч байгааг онцолж, ажлын үр дүнг танилцууллаа. Мөн тэрбээр утаа мэдрэгч эхний ээлжинд 50 мянган ширхэг ирсэн бөгөөд энэ сарын 29-нөөс суурилуулж эхэлнэ гэсэн юм.
Үүний дараа “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ.
Төлөөлөгчдийн зүгээс төр, хувийн хэшвлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм.  Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Харин журмын төслийг дахин хянаж үзэж, зарим зүйл заалтыг нэмэх шаардлагатай хэмээн төлөөлөгчдийн олонх нь үзсэн тул дараа “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг баталж, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулахаар тогтов.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ