Тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах саналыг уламжлахаар шийдвэрлэв
26 Dec 2019
  • Тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах саналыг уламжлахаар шийдвэрлэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах  хүрээнд хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга, “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ заагийг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 551 га талбайг хамруулсан байдаг.
Гэвч “Монгол наадам цогцолбор”-ын оффис болон усан хангамж, ариутгах газар барьж байгуулахад нэмж 12 га газрыг тусгай хэрэгцээнд авах шаардлага гарсан байна. Мөн газар олголтоос шалтгаалж нэг талбарын давхцал ч үүсчээ. Иймд давхцлыг арилгах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байдаг. Тухайн ажлын хэсэг хилийн цэсийг шинэчлэн тогтоохоор танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид холбогдох албанаас дараах тодруулгыг авлаа.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл: -Энэ газрыг улсын тусгай хэрэгцээнд авч үлдэх нь зүйтэй. Өмнө нь 2007 онд хурдан морины замын газрыг тусгай хэрэгцээнд авсан байдаг. 2013 онд “Монгол наадам цогцолбор”-ыг байгуулж, газар олголттой холбоотой асуудлыг цэгцэлсэн. Хүй долоон худгийг бид цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээгдэхүүн болгон ашиглах хэрэгтэй. Ирэх
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: -Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч зарим газруудыг хамгаалж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ганц “Монгол наадам цогцолбор”-оор хязгаарлахгүй, ер нь ийм байдлаар хамгаалж байх хэрэгтэй гэсэн саналтай байна. Баянзүрх дүүргийн IV  хороонд Батлан хамгаалах яамны газар гээд цэгцэлж болдоггүй талбай байна. Иргэдийн эрхийг зөрчсөн, эрсдэлтэй байдал үүсгэсэн ийм газар байдаг. Иймэрхүү асуудлыг цаашид яах вэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: -Газрыг тусгай хамгаалалтдаа авч хамгаалж үлдэх ёстой гэдэг үнэн. Цаашид нийслэл төлөвлөлтөө зөв явуулъя гэвэл энэ тогтолцоог өөрчлөх, цэгцлэх ажлыг цаг алдалгүй хийх ёстой.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Нийслэл хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичигт төрийн наадмыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал том зорилт болж орсон байгаа. Энэ зорилтыг хангах эхний ажил бол газрын асуудлыг цэгцлэх асуудал байгаа юм.
Ийнхүү нийслэлийн ИТХ-ын XXX хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлыг Барилга хот байгуулалтын яаманд уламжилж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэр шийдвэрлэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ