Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив
24 Dec 2019
  • Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай, “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” зэрэг зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.
Төр, хувийн хэвшлийн түшлэлийн талаар хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан байдаг хэдий ч хэрхэн хамтарч ажиллах, төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрхэн зохицуулж, хэрэгжүүлэх талаар нарийн тусгаж өгөөгүй байдаг. Энэ нь дотоод, гадаадын нэн шаардлагатай, ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтууд хэрэгжихгүй байх шалтгаан болж байгаа гэлээ.  Нөгөөтэйгүүр улс, нийслэлийг хөгжүүлэх бодлогын  баримт бичиг, үндсэн чиглэлд тодорхой зорилтуудыг тусгаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан ч ямар хөрөнгөөр хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгаагүй байгаа учраас үүнд хувийн хэвшлийн оролцоо нэн шаардлагатай, цаг алдалгүй шийдвэрлэх асуудал гэдгийн тэрбээр танилцуулгадаа онцлов. Нөгөөтэйгүүр тус журамд тусгаснаар төсөл хөтөлбөртэй холбоотой аливаа эрсдлийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө бүрэн хариуцах талаар ч тусгаж өгсөн гэлээ. Тиймээс уг дэд хөтөлбөр болон журмын төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж өгөхийг хүссэн юм.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, холбогдох албан тушаалтнууд хариулт өглөө.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хэрэгжих хугацааг 2020-2025 он гэж тусгасан байна. Дэд хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр бол хэрхэн сунгах талаар хуулийн ямар зохицуулалт байна вэ. Нөгөөтэйгүүр төсөвт тусгаагүй төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай. Хөгжлийн баримт бичгүүдэд тусгасан нэн тулгамдсан, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тэр дундаа стратегийн ач холбогдолтой зорилтуудтай хэрхэн уялдуулсан бэ.
“Улаанбаатар хөгжлийн корпоаци” ХК-ийн хуулийн зөвлөх н.Батсэлэнгэ “Энэхүү дэд хөтөлбөрийг тав хүртэл жилийн хугацаагаар хэрэгжүүлэхээр боловсруулсан байгаа. Хуульд тусгаснаар дэд хөтөлбөрийг богино, дунд, урт хугацаагаар баталж хэрэгжүүлэх зохицуулалттай. Дэд хөтөлбөрийн хэрэгжих хугацааг  сунгаад явж болно.”
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: Нийслэлийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж байгаа олон дэд хөтөлбөр байгаа. Хэрэгжилтийн хувьд зарим нь сайн хэрэгжиж, ач холбогдол, үр дүн сайн байгаа бол цаг хугацааны хувьд хэрэгжилт бага байгаа нь ч байна. Тиймээс дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хараад, нэн шаардлагатай гэж үзвэл ирэх оноос төлөвлөлтдөө тодотгол оруулаад явж болно. Ер нь Засаг даргын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр богино хугацаатай байгаа. Төсөвт тусгагдаагүй зардлаар зорилтыг хэрэгжүүлэх шаардлага байгаа. Гадаадын зээл тусламжаас гадна доотоодын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нэн  шаардлагатай байгаа. 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Бямбадорж:  “Хөтөлбөр батлагдсанаар төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдээд, түлхүү орж ирнэ гэж харж байгаа. Ингэхдээ яг ямар салбар түлхүү хөрөнгө оруулна гэж харж байгаа вэ. Нийтийн тээврийн чиглэлийг ч юм уу, хурдан хугацаанд хөгжүүлэх, өөрчлөлт хийх шаарлагатай байгаа салбаруудаа түлхүү оруулах талаар зохицуулсан зүйл байгаа юу. Худалдан авах ажиллагааны зохицуулалттайгаа хэр нийцэж байгаа вэ. Сонгон шалгаруулалт дээр гарах хууль эрх зүйн маргаануудыг хэрхэн шийдвэрлэх вэ”
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: “Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь уул уурхай. Үлдсэн хувь нь тэр чигтээ үйлчилгээний салбар. Улаанбаатар хот тэр чигтээ үйлчилгээний салбар байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхийг сайжруулахын тулд үйлчилгээний салбараа дэмжээд явах шаардлага байгаа. Төрийн оролцоогүйгээр байж болохгүй олон салбар байгаа. Нийтийн тээвэр тэр дундаа их багтаамжийн, такси үйлчилгээ зэрэг олон асуудал байгаа. Бид дэд хөтөлбөр, журамдаа төр, хувийн хэвшлийн олон субъектын саналыг тусгасан.
“Улаанбаатар хөгжлийн корпоаци” ХК-ийн хуулийн зөвлөх н.Батсэлэнгэ Сонгон шалгаруулалтын маргаантай холбоотой асуудлыг нарийн тусгасан байгаа. Сонгон шалгаруулалын хугацааг 15 хоног гэж тусгасан. Гомдол гаргахдаа сонгон шалгаруулсан нэгжид гаргаад, шүүхээр асуудлыг шийдвэрлээд явахаар тусгасан.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тулгамдсан, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь чухал. Төр хэрхэн хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь ойлгомжтой байх ёстой. Улаанбаатар хот урт болон богино хугацааны төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэлээ хэрэгжүүлэхдээ дан ганц хотын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Хувийн хэвшлээ дэмжиж байж энэ асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс илүү нээлттэй, эрхзүйн зохицуулалт хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр шийдэж чадахгүй маш олон зорилт бодлогын баримт бичиг, хөгжлийн чиг хандлагад туссан байгаа.
Тэргүүлэгчид асуулт асууж дууссаны дараа Тэргүүлэгчид санал хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Мөнхбат “Дэд хөтөлбөрийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжиж байгаа. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн эрүүл аюугүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэнэ. Төр тендер зарлаад явах биш хувийн хэвшил өөрөө санал гаргаад явах нь чухал шүү. Улаанбаатар хот хувийн хэвшлийн санал санаачилгыг ач холбогдол, үр дүнгээр нь эрэмбэлээд явах нь зүйтэй. Тодорхой, ач холбогдолтой төсөл хэрэгжвэл урамшуулах зохицуулалтыг оруулбал сайн хэрэгжих хөшүүрэг болох болов уу.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяа: Тэргүүлэгчдийн хурлаар өмнө нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар журам баталсан. Журмын хэрэгжилт нь ямар байгааг тооцож, энэхүү журамтайгаа уялдуулаад, сайжруулаад явах хэрэгтэй гэсэн саналтай байна.
Ийнхүү “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай асуудлыг ээлжит XXX хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн тогтлоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ