2020 оны төсөвт өөрчлөлт орууллаа
16 Dec 2019
  • 2020 оны төсөвт өөрчлөлт орууллаа

Улаанбаатар хотын авто замын урт 1051 км-т хүрсэн бөгөөд засаж, арчлах хөрөнгөгүйн улмаас замууд эвдэрч, жолооч нар энхэл, донхол замаар явж буй. Энэ нь цаашлаад иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулах, орчны бохирдлыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөөтэй тул нийслэлийн ИТХ-аас ээлжит XXIX хуралдаанаараа авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон байдаг. Улмаар төсөвт төвлөрөх 73.6 тэрбум төгрөгөөр хөрөнгийг авто замын бүтээн байгуулалт, засвар үйлчилгээнд зарцуулахаар 2020 оны төсөвт тусгасан юм. Монгол Улсын Ерөнхий сайд тухайн шийдвэрийг нягтлах чиглэл өгсний дагуу нийслэлийн ЗДТГ-аас ирэх оны төсөвт өөрчлөлт оруулан, нийслэлийн ИТХ ээлжит бус IX  хуралдаанаарааа “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болгох”, “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 39/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэв. Улмаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2013 онд тогтоосон хэвээр үлдээхээр шийдвэрлэж, 2020 оны төсөвт өөрчлөлт орууллаа. Ингэхдээ Авто замын сангаас төвлөрүүлэх хөрөнгийг  58.8 тэрбум төгрөгөөр бууруулж, урсгал зардлыг хэмнэх, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалаас төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж тэнцвэржүүлэхээр төсөвт тусгав.
Ц.Сандаг-Очир: Тогтоолыг хүчингүй болгосноор төлөвлөсөн ажлуудын 60 орчим хувийг гүйцэтгэх боломжоо алдаж байна
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нийслэл 320 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг асуудлыг эргэж харах ёстой” гээд санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлж, танхимыг орхин гарсан юм. Үүний дараа нийслэлийн ИТХ дахь Төсөв санхүү, эдийн засгийн хорооны дүгнэлтийг танилцуулав. Тус хорооны дарга Ц.Сандаг-Очир “Улаанбаатар хотын авто замыг засаж, өргөжүүлэхэд 400-500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд өнөөгийн төсөвлөж байгаа хөрөнгө үүнд хүрэлцэхгүй. Унөхцөл байдал дээр үндэслэн Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэр болох авто зам ашигласны төлбөрийн орлогоос 73.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, тулгамдаж буй асуудлаа бага боловч шийдэхийг зорьсон. Ингэхдээ гэр хороолол дотор авто зам тавих, замын урсгал засварыг хийх хариуцсан байгууллагын бааз суурийг бэхжүүлж, үерийн ус зайлуулах хоолын хүчин чадлыг нэмэгдүүлж, сэтэлгээ хийх, Зүүн дөрвөн замын уулзварт олон түвшний огтлолцол бүхий гүүр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон байв. Харамсалтай нь, Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу шинэчлэн баталсан шийдвэрийг хүчингүй болгох, 2013 онд тогтоосон хувь хэмжээг мөрдөх тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ. Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр 45 км авто зам, 60 км дугуйн зам, борооны ус зайлуулах дөрвөн км шугам, есөн дүүргийн авто замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж, дөрвөн гүүрэн гарц барих байв. Гэвч эл шийдвэрийг хүчингүй болгосноор дээр  дурдсан ажлуудын 60 орчим хувийг гүйцэтгэх боломжоо алдаж байна. Нийслэлийн ИТХ болон Засаг даргаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь иргэдийн хүсэл сонирхол, эрх ашигт нийцэж байх учиртай. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг зорилготой болон зорилгогүй, санаатай болон санамсаргүйгээр улстөржүүлэн олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн нь харамсалтай нь байна. Төсөв санхүү, эдийн засгийн хорооноос ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж байна” гэв.
Ийнхүү намын бүлэг, хороодын санал дүгнэлийг сонсоод төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэлэв.
Төлөөлөгч Б.Сүхбаатар: -Бид сонгууль бодсон бол ийм ажил хийхгүй байсан. Төрийн албан хаагчид хийж буй ажлаа сайн сурталчлах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нэг бүлэг, улстөрийн нам зорилготой шоу хийж байна. Төрийн албан хаагчид тансаглалаа, автомашинаа солиохоор хөрөнгө төсөвлөсөн гэх юм. Ямар учиртайг холбогдох албан тушаалтнууд хариулж өгөөч. Бас хоёр тэрбум төгрөгөөр вэбсайт хийнэ гэсэн асуудлыг АН-ын бүлгээс хэлж байгаа. Хорооны хурал дээр би зориуд судалсан, үгүй л юм билээ. Үүний учрыг олон нийтэд нээлттэй тайлбарлаж өгөөч.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: -Төрийн албан хаагчид тансаглаад байсан зүйлгүй. Төрийн ажлыг хийж байгаа хүмүүст ширээ, сандалыг авч өгөх ёстой. Автомашин авахад 500 сая төгрөг төсөвлөсөн гээд байна. Тийм биш. Авто баазын барилгын засварыг энэ хөрөнгөөр хийнэ. Вэбсайтын асуудал яригдаж байна. Наад захын мэдээлэл, мэдлэгтэй хүн ч ийм хөрөнгөөр вэбсайт хийхгүйг мэднэ. Өнөөдөр хүмүүс дур мэдэн барилга барьж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайд ч тавих хяналт сул байгаа. Хэн, хаана ямар барилга барьж, бусдын эрх ашгийг хохироож байгаа иргэдийн гомдлоор, эсвэл газар нь очиж мэдэж байгаа. Тиймээс бид хот байгуулалт, төлөвлөлтийг нэгдсэн хяналтын системд оруулах гэж байгаа юм. Иргэн Дорж барилга барьж буй, эсэхийг заавал газар дээр нь очиж авах шаардлагагүй болно. Үүний эхлэлийг 2020 онд 300 сая төгрөгөөр хийнэ. Ийм зүйлийг зориудаар улстөржүүлэх шаардлага байхгүй. Авто замын төлбөрийг хуулийн хүрээнд нь зарцуулах ёстой ажилд нь л зарцуулна. Бидэнд замаа өргөтгөх, нийтийн тээврээ сайжруулах шаардлага байгаа.
Б.Батнасан: -Хураамж нэмэхийг би дэмжиж байсан. Хэзээ нэг өдөр, хэн нэгэн хүн үүнийг хийх л байсан. Бид дотоод боломжоо ашиглаж ажлаа хийхгүй бол гадаадын улсуудаас зээлээр асуудлаа шийдүүлнэ. Дараа нь авто замын хураамж нэмсэнээс ч илүү төлбөр төлөх болно. Тэгэхээр авто зам ашигласны төлбөрийн хураамжийг тодорхой хувиар нэмж болохгүй юу?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: -Төлбөр, хураамж нэмэх асуудлыг бид олон хувилбараар тооцож үзсэн. Улаанбаатар хотод 1051 км гаруй авто зам бий. Төлбөр, хураамжийг шууд тав дахин нэмээгүй. Тухайн автомашины моторын багтаамж, агаарын бохирдол үүсгэх хувь хэмжээ зэргийг тооцсон. Тодорхой хэмжээгээр нэмээд өнөөдөр тулгамдаад буй асуудлыг шийдэх боломжгүй. Нэг нь өгсөн, нөгөө нь авсан нэр зүүгээд дорвитой ажил хийхгүй бол нэмэргүй.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ