Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2013 онд тогтоосон хэвээр үлдээх асуудлыг даваа гарагт хэлэлцэнэ
13 Dec 2019
  • Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2013 онд тогтоосон хэвээр үлдээх асуудлыг даваа гарагт хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, “Тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах” тухай асуудлыг хэлэлцлээ.
“Тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих тухай” асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгсний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг хуучин буюу 2013 онд баталсан хэвээр үлдэхээр тооцоолол хийж, төсөвт өөрчлөлт оруулахаар төлөвлөн асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн барилаа. Авто зам ашигласны төлбөр, хураамжийг хэвээр үлдээснээр газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, зарим урсгал зардлыг хэмнэж тэнцвэржүүлэхээр тооцсон байна.
Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжив. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг энэ сарын 16-ны өдөр буюу ирэх даваа гарагийн 11.00 цагт хуралдуулахаар тогтов. Тус хурлаар нийслэлийн ИТХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, мөн өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ