11 Dec 2019
  • “МОНГОЛ ХҮН ХҮМҮҮЖЛИЙН АЯН”-Ы III ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛАВ

“Монгол хүн хүмүүжлийн аян”-ы III зөвлөгөөний хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн 2500 гаруй багш, ажилтан, удирдалага цуглаж, туршлага солилцлоо. Мөн тус аяны хүрээнд амжилттай ажиллаж, бусдыгаа манлайлан, шинэ санал санаачилга дэвшүүлэн ажил хэрэг болгосон тэргүүний хамт олон, ажилтныг шагнаж урамшуулсан юм. Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран “Монгол хүн хүмүүжлийн аян”-ыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж буй юм.  

Зөвлөгөөнийг нээж нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, “Нийслэлийн боловсрол 2020” дэд хөтөлбөр зэрэг хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал онцгой байр суурь эзэлдэг. Нийслэлийн ИТХ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд гаргасан бодлого, шийдвэрүүдэд ч мөн энэ асуудал онцгой байр суурьтай. Үүний нэг тод жишээ бол “Монгол хүн хүмүүжлийн аян юм. Аяны хүрээнд хүүхдийн хүмүүжил төлөвшил монгол уламжлал, өв соёл, үнэт зүйлс, түүх шастирыг хүүхдүүдэд ойлгуулан таниулах зорилгоор “Уншлага 2021”, “Амжилтын гараа”, “Индексийн урамшуулал олгох журам” зэргийг батлан гаргасан нь үр дүнгээ өгч байна” гэлээ. Зөвлөгөөнд аяныг санаачлагч, нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан  төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ё.Цацралтуяа нар оролцов.

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан  төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Уншлагыг дэмжих -2021” төслийг санаачилсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Аяны хүрээнд сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээр дэмжиж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. “Монгол хүн хүмүүжлийн аян”-д зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй, зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан, албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон” гэдгийн онцолж байлаа.

Зөвлөгөөний үеэр 31 ерөнхий боловсролын  сургууль, 42 цэцэрлэгийн төлөөлөл “Монгол хүн хүмүүжлийн аян”-ы хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, санал санаачилгынхаа тэргүүн туршлагыг танилцуулсан юм.

Эдгээр байгууллагаас бусдыгаа манлайлан амжилт гаргасан, “Монгол хүн хүмүүжлийн аян”-ы хүрээнд сургалт хүмүүжлийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсэн, шинэ санаачилгаа бодит ажил болгосон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн боловсролын төв тусгай байр эзэлсэн бол III байрт Сонгинохайрхан дүүргийн 62, Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль шалгарч, дэд байрт Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” сургууль, тэргүүн байрт Налайх дүүргийн 109 дүгээр сургууль тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

Тэгвэл “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулах уралдаанд Сонгинохайрхан дүүргийн 122, Хан-Уул дүүргийн 60, Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль, III байрт шалгарсан бол дэд байрт Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль, тэргүүн байрт Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль тус тус шалгарлаа.