ТЭРГҮҮЛЭГЧ Ш.ҮНЭНБАТ 2020 ОНД АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
08 Nov 2019
  • ТЭРГҮҮЛЭГЧ Ш.ҮНЭНБАТ 2020 ОНД АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадавх хангалтгүй, авто замын сүлжээний холбоос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг. Тиймээc Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, эрчимтэй хөгжиж буй дагуул хот, тосгод, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харилцаанд суурилсан хотын хөгжлийн дэмжсэн, зам тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн хөгжүүлэх шаардлагатай байна. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороодын гудамж талбайн авто замын сүлжээг сайжруулахаар төлөвлөж, Авто замын хөгжлийн газарт саналаа хүргүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны замын хөдөлгөөний орц гарц болсон гол гудамж талбайн замыг төв замтай холбосон авто зам тавих, X хороонд Азийн хөгжлийн банкны гэр хорооллыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд баригдах 240 хүүхдийн ортой цэцэрлэг болон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн рүү орох авто зам, мөн тус дүүргийн XI хорооны Нуурын 15, 18 дугаар гудамжинд хоёр цэцэрлэг ашиглалтад орсонтой холбогдуулан авто зам тавих зэрэг хэд хэдэн ажлуудыг санаачлан 2020 оны төсөвт тусгахаар ажиллаж байна.