БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАРИМ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ БАГА ОВРЫН АЧААНЫ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
01 May 2018
  • БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАРИМ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ БАГА ОВРЫН АЧААНЫ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, Эрүүл мэндийн нэгдлийн 2-р амбулатори болон 17, 24-р хорооны өрхийн эмнэлэгт аж ахуйн зориулалттай бага оврын ачааны автомашин хүлээлгэн өглөө. Энэ үеэр тэрбээр “хотын төвөөс алслагдмал байрладаг айл өрхийн хүүхдүүдийн эрүүл мэнд мөн онцгойлон анхаарал хандуулж байна. Тиймээс нэг дор 50 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай амбулатори эмнэлэгийг Баянзүрх дүүргийн захын хороололуудын нэг болох 24 дүгээр хороонд нутаг дэвсгэрт барихаар болсон” гэдгийг дуулгасан юм.

Баянзүрх дүүрэг хүн амын тоогоороо нийслэлд тэргүүлдэг. Шилжин ирэгсэд ихтэй. Тиймээс өрхийн эмч нарын хувьд яаралтай дуудлага, ахмад, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдүүдийг гэрээр нь очиж үзэх, эм тариа, шинжилгээ зөөх зэрэгт автомашин зайлшгүй хэрэгтэй байдаг ч өөрсдийн санхүүжилтээр шийдэх боломжгүй байдаг байна. Тиймээс гэр хорооллын бартаа саадтай замаар явах боломжтой, шатахуун бага иддэг, аж ахуйн ажилдаа ч ашиглах боломжтой машинаар хангаж гэдэг хүсэлтийг тойргоосоо сонгогдсон төлөөлөгчид тавьжээ. Ийнхүү тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, өгч буйд тус хорооны өрхийн эмнэлгийнхэн талархаж буйгаа хэлж байлаа.

Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн санаачлагчаар Баянзүрх дүүргийн 9, 17, 24-р хорооны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байгаа аж. Тойргийнхоо иргэд сонгогчдын тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандаж, Хавдар судлал төвтэй хамтран энэ ажлыг зохион байгуулж байгааг НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан энэ үеэр хэлж байлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр жилд 500 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг бол Монголд жилд дунджаар 300-400 эмэгтэй энэ өвчнөөр өвчилдөг байна. Тэдний 80 хувь нь хожуу үедээ буюу оройтож мэддэг нь хамгийн том эрсдэлийг дагуулдаг гэнэ. Мөн Монгол эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлийн дотор умайн хүзүүний хавдар хоёрдугаарт бичигджээ. Умайн хүзүүний хорт хавдар нь гэнэт тусчихдаггүй, суурь, урьтал өвчнүүдийн үе шатыг дамжиж 5, 10, 15 жил болж байж хавдар үүсдэгийг анагаахын шинжлэх ухаан нотолсон байдаг байна.

Тиймээс байнга үзлэг оношилгоонд хамрагдаж, эрт илрүүлж чадвал энэ өвчнөөс сэргийлэх, эмчилж эдгээх бүрэн боломжтой гэж эмч нар сануулж байгаа юм.