Ардчилсан Үндсэн хуулийг батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл үзүүллээ
12 Jan 2022
  • Ардчилсан Үндсэн хуулийг батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нарын хүмүүс өнөөдөр тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

Монголын Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж байсан бол түүнээс хойш 1992 онд 4 дэх Үндсэн хууль буюу ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, хэрэгжүүлсээр өдгөө 30 жил болж байгаа билээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал зэргийг шинээр тунхаглан баталсан нь өндөр ач холбогдолтой. Үндсэн хуулийг дагаад Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд батлагдсан” гэдгийг тодотгов.

Энэ үеэр АИХ-ын Депутат Г.Очирбат “Үндсэн хуулийг шинэчлэх санаачилга анх 1988 онд гарч байлаа. 1989 оны хоёрдугаар сард намын төв хороо Үндсэн хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах комисс байгуулсан. Тус комисс хоёр жил гаруй ажиллаад, 1990 оны гуравдугаар сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн байгуулсан шинэ комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан” гэсэн бол Хүндэт депутат Р.Барсболд “Ардчилсан Үндсэн хууль нь манай улсын болон ард түмний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хууль бол дэлхийд ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас тун өндөр үнэлгээ авсан хууль. Ер нь цаашдын хөгжил, тусгаар тогтнолд үүргээ гүйцэтгэсэн. Хэдий улс орны хөгжилд буруу, зөв зүйлс олон байсан ч Үндсэн хууль туг шиг урд нь байсан гэж болно. Үнэхээр сайн хууль болсон. Ер нь хууль гарлаа гээд гараа хумхиад сууж болохгүй. Хуулийн биелэлт хэр байгааг байнга хянадаг байх хэрэгтэй. Биелэлт дээр нь мэдээж улс хяналт тавих ёстой” гэв. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ