МЭНДЧИЛГЭЭ
31 Dec 2021
  • МЭНДЧИЛГЭЭ

Эх орны гал голомт болсон Их хотын иргэдээ, эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ! 

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ирэх ондоо эрүүл энх, аз жаргал, ололт амжилтаар дүүрэн байхын ерөөл өргөж байна. 

Хоёр оны зааг энэ өдөр бол үдэж буй оныхоо амжилт ололт, алдаа оноогоо дэнсэлж, угтаж байгаа жилдээ хийх ажил, хүрэх зорилт, хүсэл мөрөөдлөө төлөвлөн төсөөлдөг торгон агшин юм. 2021 он нийслэлчүүдийн хувьд онцгой түүхэн жил байлаа. Бид төвлөрлийн түгжээг тайлж, түгжрэлийг бууруулах эрх зүйн орчин, хөрс суурийг нь бэлдэж чадлаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдан гарах бусад хуулиудаа Улсын Их Хурлаар батлуулснаар  хот бие даан хөгжих эрх зүйн орчин бүрдлээ. Хотын хөгжлийн өмнөх улаан гэрлийг унтрааж, ногоон гэрлийг асаалаа.

Томоохон хотыг багахан сэтгэж хөгжүүлэхгүй. “Нийслэл хотын 1.5 сая иргэний амьдралын бодит хүсэл шаардлага–-Хууль эрх зүйн шинэ орчин—Бие даасан хөрөнгө оруулалт, төсвийн боломж” энэ 3 хүчин зүйл бол хотоо хөгжүүлэх тулгын гурван чулуу, хувьсгалын гол тохироо юм.  Хот бол хүний жам ёсны эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө жинхэнэ ёсоор эдлэх талбар байх ёстой. 2022 он бол Улаанбаатар хот гадаад дотоодын хөрөнгө оруулагчдынхаа өмнө үүдээ нээсэн, хамтдаа хөдөлмөрлөсөн он байх болно. 

Зөвшөөрөл нэртэй хоригуудыг бид цуцаллаа. Энэ бол хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийн урилга эзэндээ хаягаар нь хүрэх эхний бодит алхам юм. Зөвхөн төсвийн хязгаарт баригдах бус төр ,хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ковидоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах шаардлага бидэнд бий.  2022 оны төсөв, хөрөнгө оруулалт цар тахлын дараах эдийн засгийн сэргээх, төрийн зардлыг хэмнэх, хотын хөгжлийн түгжээг, замын түгжрэлтэй нь тайлахад зарцуулагдах болно. 

Нийслэлчүүд ээ! 2022 он бол төсөвт шүтсэн хоцрогдлыг арилгаж, түгжрэлд цэг тавьсан он байх болно. 

 Шинэ онд Улаанбаатар хот, 9 дүүрэг бие даан хөгжих бүрэн эрх эдлэхийн хамт бүтэн хариуцлагаа мөн үүрдэг болно. Бодитой хэрэгжих хөгжлийн төлөвлөгөө, бизнес боломж дээр харилцан ашигтай хамтран ажиллах хүсэлтэй хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаа яг өнөөдрөөс бид бизнесийн хэлцэл, хамтын төлөвлөгөөн дээр ширээний ард суухыг урьж байна. Хотынхоо хөгжилд гар бие оролцох  хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид  Нийслэлийн үүд хаалга нээлттэй. Бидний гаргасан хамтын шийдвэр, шийдэл бүр хотын иргэний өдөр тутмын ажил, амьдралд гарсан бодит өөрчлөлтөөр хэмжигдэх учиртай.

2022 онд Та бид хамтаа олон арван жилээр үргэлжилсэн хотын асуудлуудыг шийдсэн, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөсөн, бүтээсэн, байгуулсан, тооцоо судалгаа, шинжлэх ухаанчаар асуудалд хандсан  өөрийн стандарттай, ногоон хөгжлийг дэмжсэн, хүндээ ээлтэй тэгш хүртээмжтэй улсын нийслэлийг бүтээн босгохын төлөө шаргуу хөдөлмөрлөсөн он байх болно. Ийнхүү 4 дэх зуундаа хөл тавихаар зэхэж буй Улаанбаатарчууд бидний амьдралын хэв маяг хөгжилд чиглэсэн шинэ загварт шилжин орж байна.

Их хотын иргэдээ! 

Улиран одож буй 2021 оны сүүлийн өдөр, яг энэ цагт  нийслэл хотод минь  14 хүү, 15 охин мэндэлж, Нийслэлчүүд бид 1 510 169 –үүлээ боллоо. 

Өрх бүр аз жаргалтай, өнөр баян байж, Нийслэл хот минь цэцэглэн хөгжих болтугай. 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА 
Жанцангийн БАТБАЯСГАЛАН