Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын 21 автомашин хүлээлгэн өглөө
05 Oct 2021
  • Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын 21 автомашин хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байгаа юм. 
Тус хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг энэ онд нийлүүлнэ. Тэгвэл өнөөдөр эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. 

Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Р.Чингис, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцлоо. 
Энэхүү тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарт тохирсон, -40 хэмээс +40 хэмд ажиллах боломж бүхий тусгай тоноглолтой. 

Ийнхүү гал унтраах үндсэн албаны автомашин хүлээн авч байгаатай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон алба хаагчдад сургалт олгон, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг өмнө нь зохион байгуулсан юм. 
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ