Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо
04 Oct 2021
  • Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Цар тахлаас сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд өнгөрсөн жилүүдэд татварын хөнгөлөлт, тусламж дэмжлэг үзүүлэх, хөл хорионы дэглэм тогтоосон зэрэг зохицуулалт хийснээр 2020, 2021 оны төсвийн зарим орлого тасарсан талаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хуралдаанд танилцууллаа. Иймд, нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт тодотгол хийхдээ урсгал зардлыг танаж, зарим ажлын зардлыг нэн тулгамдаж буй ажилд шилжүүлэх зэргээр батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийхээр тусгажээ.

Төлөөлөгчид хуралдааны үеэр зураг төсөвтэй, нэн шаардлагатай ажлыг тодотголд тусгах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Тухайлбал боловсрол, нийгмийн салбарт чиглэсэн ажлуудыг санхүүжүүлэх талаар цөөнгүй санал гаргасан юм. Мөн 2022 онд ч төсвийн орлого тасрах эрсдэлтэй гээд төсөлд зайлшгүй шаардлагатай, нэн тэргүүний ажлуудыг төлөвлөх шаардлагатай гэв. Ийнхүү Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаас гарсан саналуудыг хуралдааны санал, дүгнэлтэд тусгаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдааны II хэлэлцүүлэгт танилцуулахаар тогтлоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ