“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ
22 Sep 2021
  • “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хамтарсан хурлаар “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох журам”-ын төслийн талаар хэлэлцлээ. Улмаар хороодын гишүүд журмын төслийг дахин сайжруулах шаардлагатай хэмээн үзэв. Тодруулбал, урамшуулал олгох төсвийн эх үүсвэр, хүрэх үр дүн тодорхойгүй,  журмын зарим заалт зөрчилдсөн зэрэг хэд хэдэн асуудлыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн санхүү болон үйл ажиллагааны нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссон юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг багасгаж, амьдрах орчныг сайжруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашин, түүний сэлбэг хэрэгслийг худалддаг зах, цэгүүдийг нэгтгэх зорилгоор Нийслэлийн ИТХ-аас “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг 2014 байгуулсан байдаг. Улмаар тус төвийн үйл ажиллагааг зохион байгуулах, ашигтай ажиллуулахаар “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийг байгуулсан юм. Өдгөө тус төвийн 83 га газарт тохижилт, бүтээн байгуулалт хийх боломжтой байгаа аж.

Гэвч сүүлчийн 2-3 жилд тус байгууллагын үйл ажиллагаа доголдож, алдагдалтай ажиллаж эхэлжээ. Авто худалдааны захыг нүүлгэх ажил удааширсан, хувийн хэвшлүүд техникийн битүү зах шинээр байгуулж түрээслэгчдийг нь татаж авч буй болон шинээр импортолж буй тээврийн хэрэгслийн бүртгэлийг олон цэгүүдэд хийдэг болсон зэрэг шалтгаан үүнд нөлөөлж буй аж. Тиймээс төрийн байгууллагын дэмжлэг чухал байгааг“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхбат онцоллоо.  
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны гишүүд “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гээд, Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудлыг танилцуулж, шийдвэр гаргуулахаар тогтлоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ