“Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулж байна
11 Sep 2021
  • “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулж байна

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, байгальд ээлтэй дэвшилтэт техник технологийг иргэдэд танилцуулах зорилгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт төр, хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуй нэгж оролцож байгаа юм.
Улаанбаатар хотод 411.420 айл өрх амьдардгаас 55 хувь нь буюу 226.281 өрх гэр хорооллын бүсэд амьдардаг. Гэр хорооллын айл өрхүүдийн 94 хувь нь ердийн галлагаатай бол 10.339 өрх нам даралтын зуух, 4.238 өрх цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн байдаг аж.
Тэгвэл уг өдөрлөгт оролцсоноор “Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төслөөс хэрэгжүүлж буй “Дулаалга аян”-д хамрагдах боломжтой. Ийнхүү байшин сууцаа дулаалснаар түлшний зардлаа 50 хүртэлх хувиар хэмнэх, дотоод агаарын чанар сайжрах зэрэг олон давуу талтайг тус төслийн зохицуулагч Н.Баяртогтох хэлж байна.
Мөн Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас 17 байршил, 37 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2013-2021 онд нийт 10740 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Өдөрлөгийн нээлтийн үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө  “Түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашид энэ үр дүнгээ бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавин, бэлтгэл ажлыг хангаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо ч чухал юм” гэлээ.   
 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ