Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажлыг эрчимжүүлнэ
07 Sep 2021
  • Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Тус төв 19 хүний орон тоотой бөгөөд гэр оронгүй хүмүүсийг байрлуулж, асрахын зэрэгцээ тэдгээр хүнд нийгмийн халамжийн суурь үйлчилгээг 18 дахь жилдээ үзүүлж байна. 2015 онд 150 хүн хүлээн авч, үйлчилгээ үзүүлсэн бол 2020 онд үйлчлүүлэгчдийн тоо 627 болж нэмэгдсэн гэдгийг тус төвийн дарга Г.Цэрэндулам хэллээ. Тэгвэл энэ жил цар тахлын улмаас тус төвийн үйл ажиллагаа ялимгүй доголдсон, өнөөдрийн байдлаар 40 гаруй хүнийг байрлуулан, үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Тус төвөөс хийсэн судалгаанаас үзвэл, гэр оронгүй иргэдийн тоо жилд 200-220-иор нэмэгдэж буй аж. Үүнийг бууруулахын тулд Нийгмийн хамгааллын тусгай төвийнхөн гэр оронгүй хүмүүсийг байрлуулан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хооллож, хувцаслахаас гадна бүртгэл судалгаа тогтмол хийж, тэдэнд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийг тогтмол явуулдаг ажээ. Энэ хүрээнд 2020 онд 100 гаруй хүнийг ажилтай болгож, 40 гаруй хүнийг бичиг баримтжуулсан байна. Мөн гадаадын төслөөр оёдлын цех байгуулж, төвд амьдарч буй хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангажээ.


Тус төвийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг 1958 онд ашиглалтад оруулсан, нэг дор 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай аж. Тиймээс Баянзүрх дүүрэгт барьж буй төвийн шинэ барилгын ажлыг эрчимжүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгарч буй юм. Хэрэв төвийн шинэ барилга ашиглалтад орвол хоёр байрандаа нэг ээлжид 250-400 хүн авах бөгөөд түр болон урт хугацаагаар байрлах хүмүүс аж ахуй эрхлэх боломж бүрдэх аж.
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр уулзалтын үеэр “Нийгмийн хамгааллын тусгай төвийнхөн хүнд нөхцөл онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж байгаа. Төвийн шинэ барилгын ажлыг эрчимжүүлэхээс гадна одоогийн энэ төвийн бие засах газрын нөхцөлийг сайжруулж, шинэчлэх, ахуйн ариун цэврийн хэрэгслийн хүртээмжийг нь нэмэгдүүлэх гээд хэд хэдэн асуудал, бэрхшээл бийг тус төвийн дарга Г.Цэрэндолгор хэлж байна. Хүний хөгжлийн хорооны зүгээс эдгээр асуудалд онцгой анхаарч, шийдвэрлэнэ” гэсэн юм.

Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Мягмар өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулж ирсний улмаас тулгамдаж буй асуудал өнөөдөр олон гарч байгаа гээд төсвийн тодотголд шаардлагатай төсөв, санхүүжилтийг тусгуулахаа илэрхийлсэн. Харин Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Л.Ариунтуяа байгууллагын бүтэц орон тоо, төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатайг холбогдох хүмүүст хэллээ. Учир нь тус төвийн жилийн төсвийн 70 гаруй хувь нь урсгал зардалд зарцуулагддаг аж. Үүний улмаас төвийн ажилтнууд 2-3 ажил давхар хийдэг, тэнд байрлаж буй 1 хүний хоолны зардалд өдөрт 5000 төгрөг зарцуулдаг, ингэснээр тухайн хүмүүс хэрэгцээт амин дэмээ авч чадахгүй зэрэг олон асуудал тулгардаг аж.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ