Түр хамгаалах байрны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэв
05 Jul 2021
  • Түр хамгаалах байрны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор Түр хамгаалах байрны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэв. НИТХ-ын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн гишүүд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хохирогчийг түр хамгаалан байрлуулах байрны үйлчилгээний стандартын хэрэгжилттэй танилцсан бөгөөд энэ талаарх танилцуулгыг хийлээ. 

Нийслэлд хохирогчийг түр хамгаалах төрийн өмчийн найм, нэг цэгийн үйлчилгээний таван газар байдаг бөгөөд өдөрт нийт 35 хүн хүлээн авах хүчин чадалтай ажилладаг байна. Тэдгээр байраар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1087 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 75 хувь буюу 813 нь хүүхэд байжээ. 

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн дарга Б.Мягмар түр хамгаалах зарим байр үйлчилгээний стандарт хангаагүй, нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр байршуулан хамгаалах байр байдаггүй, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг орон нутгийн удирдлагаас хангалтгүй хэрэгжүүлж байгаа зэргийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулав. Улмаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түр хамгаалан үйлчлэх байрыг яаралтай байгуулж ажиллуулах, Хан-Уул дүүргийн одоо ашиглаж буй нэг цэгийн үйлчилгээний барилгыг шинээр барих эсвэл, тухайн дүүрэгт ашиглалтгүй байгаа өөр байгууламж руу шилжүүлэх шаардлагатайг хэлсэн юм. Мөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв”-ийг өөрийн байраар хангаж үйл ажиллагааг өргөжүүлэх, түр хамгаалах байранд шаардагдах санхүүжилтийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн дүүргийн жил бүрийн төсөвт тусгаж хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах...зэрэг саналыг гаргалаа. Түүнчлэн түр хамгаалах байрны ажилчдын орон тооны доод хязгаарыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоож ажиллах, хамтарсан багийн үйл ажиллагааг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах талаар тусгасан байв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ