Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ
2019/11/29
29
11 сар

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIX  хуралдаанд нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Нийслэлийн 2020 оны төсвийн тухай хуулийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцууллаа.

2019 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 31,9 тэрбум  төгрөгийн орлого төвлөрөхөөр батлагдснаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 986 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн орлогын төлөвлөгөө 45 тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөвлөгөө байна. Төсвийн орлого бүрдүүлэлтийг хот дүүргээр нь задлаж урьдчилсан гүйцэтгэлийн тайланг мэдээллэв. Төсвийн тухай хуулийн зүйл заалтын дагуу  хотын шуудын 2019 оны төсвийн нийт орлого, зарлагын дунд өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөлд тусгасан талаар хотын Захирагч дурдлаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 6,0 хувиар тооцсон байна. Нийслэлийн 2020 оны төсвийн хэлэлцүүлгийг иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлж гарсан саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсвийн төсөлд тусгажээ.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж. 

Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд, 2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн  289 цэцэрлэгт 98.1 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 430 цэцэрлэгт 30.0 мянган хүүхэд суралцахаар тооцон, нийт 205.9 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Энэ нь 2019 оны дундаж хүүхдийн тооноос 7.3 мянган хүүхэд буюу 6.1 хувийн санхүүжилтээс 51.2 тэрбум төгрөг буюу  33.1 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улс, нийслэл, гадаадын зээл, тусламжаар 2020 онд 44 цэцэрлэг, зургаан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орж, хүчин чадал 11.4 мянган хүүхдээр нэмэгдэхээр сургалтын үйл ажиллагааны зардлыг төсөвт тооцон тусгажээ. Мөн нийгмийн салбарт 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 36 тэрбум 219.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс боловсролын салбарт  23 тэрбум 45.0 сая төгрөгийн, эрүүл мэндийн салбарт 6 тэрбум 95.7 сая төгрөгийн, соёл урлаг, спортын салбарт 7 тэрбум 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хэрэгжүүлэээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, холбогдох газар, хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд хариулт өгөв. Үүний дараагаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид саналаа хэлсэнээр Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг Арван хоёрдугаар сарын 2-ны өдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлолоо.

                                                                                                                                                               НИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.