Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэчилсэн журмаар зохицуулахыг үүрэг болгов
2019/11/29
29
11 сар

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцлээ. Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгийн танилцуулсанаар, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2019 онд Улаанбаатар хотод 1848 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Үүнээс 1429 айл гэр хорооллоос оронсууцанд орж, гэр хорооллын айлын 6468 яндан буурчээ. “2019 оны хувьд  3086 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 2013-2019 оны инженерийн шугам сүлжээний ажилд нийтдээ 129,9 тэрбум төгрөг зарцуулжээ. Цаашид инженерийн шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийснээр 13,794 нэгж талбар газар чөлөөлөгдөж 79,239 орон сууц шинээр ашиглалтад орох боломжтой” гэж нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хэллээ.

Тэгвэл 2019 оны байдлаар 37 хэсэгчилсэн талбайд 32 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж, 14 байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулжээ.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар 2016 онд Монголын Үндэсний Аудитын газраас шалгалт хийж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох журмын шаардлагыг хангаагүй, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээр шийдвэрлэх гурван талт гэрээний үүргийн биелэлт хангалтгүйн улмаас төслийн хэрэгжилт удааширч нийт 491 өрхийн амьдрах нөхцөл хүндэрсэн зэрэг хэд хэдэн дүгнэлтийг гаргасан байна.  Аудитын дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг дурдлаа.

Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид иргэдийг хохироож буй барилгын компаниудын асуудлыг  хууль хяналтын байгууллагад шилжүүлэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийн 2013 онд гарсан журам анхнаасаа хууль тогтоомж зөрчсөн байсан, 2014 онд шинэчилсэн журам батлахдаа өмнөх журмаа хүчингүй болгоогүйгээс үүдэн хоёр журам хоорондооо зөрчилдөж, уг төслийн явцыг удаашруулах үүний улмаас иргэд хохирч байгааг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэллээ. Иймээс гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг зохицуулах журмын гол зорилгыг тодорхой болгож, Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулж яаралтай шинэчилсэн журам боловсруулахыг  Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныханд үүрэг болголоо.

                                                                                                                                                                 НИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.