Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа
2019/11/29
29
11 сар

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. Дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулга хийв. Тэрбээр Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад түүхий нүүрс тээвэрлэж нийслэлд нэвтрүүлэхийг завдсан 98, түүхий нүүрс түлсэн хоёр, сайжруулсан шахмал түлшийг нийслэлээс гаргахыг завдсан 14 тохиолдлыг илрүүлж, таслан зогсоосон байна.  Одоогийн байдлаар 504 цэгт  сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулж байгаа аж.

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэнээс нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэлх хэмжээнд бууруулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 2018 оны мөн үеэс PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 52 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид  асуулт асууж, саналаа хэллээ. Төлөөлөгчдийн олонх нь сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ, нөөцийн талаар мэргэжилтнүүдээс тодруулж байлаа. Тэгвэл Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галынбек сайжруулсан шахмал түлшний нөөц  хангалттай байгааг хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид цаашид агаарын бохирдлыг бууруулахаар дан ганц шахмал түлш түлээд байж болохгүй гэдгийг хэлж байсан. Тухайлбал төлөөлөгч Ц.Сандаг-Очир  гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай ингэхийн тулд хоёр тарифт тоолуурыг гэр хорооллын айл өрхүүдэд нийслэлээс төсөв гарган тарааж  өгөх, улмаар  шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх нь агаарын бохирдлыг бууруулахад өндөр үр дүнтэй гэдэг саналыг хэллээ. Мөн төлөөлөгч Б.Бямбадорж Газын хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай цаашид уурын зуухаар ажилладаг сургууль, цэцэрлэгүүдийг  хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх хэрэгтэй байгааг хэлж байв. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нийслэлд 5400  түүхий нүүрсээр халдаг нам даралтын зуух байгаа. Ирэх оны аравдугаар сар гэхэд түүхий нүүрсээр халдаг нам даралтын зуухыг бүгдийг халахаар төлөвлөгөө гарган ажиллаж буйгаа дуулгав.

 

                                                                                                                                                     НИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.