Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гачуурт голын хөндий, Дээндийн нуруу орчмын газрыг нийслэлийн тусгай хамгаалалтад авлаа
2019/11/29
29
11 сар

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж баталлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намаг бүхий 103 га, Гурван модны булаг, Доод төгөл орчмын усны шувууд цуглардаг намаг бүхий 81 га, Дээндийн нурууны зэрлэг амьтдын тархац, нүүдлийн зам дагасан ойн сан бүхий 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх дэмжлээ.

Тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгч Ц.Байгалмаа тусгай хамгаалалтад авсан газар нутгуудаа хамгаалах, арчлах тал дээр учир дутагдалтай ажиллаад байдаг. Тиймээс одоо шинээр тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгуудаа цаашид арчилж хамгаалах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байлаа. Мөн төлөөлөгч Ж.Алдаржавхлан нийслэл газар чөлөөлөлтөөр чөлөөлж авсан газруудаа цэцэрлэгт хүрээлэн болгож улмаар тусгай хамгаалалтад авах ёстой. Ингэж чадвал ногоон байгууламжаа хадгалж, дэлхийн жишигт нийцсэн ногоон хот болох боломжтой гэдэг саналыг хэлсэн бол төлөөлөгч Ц.Баатархүү “Тусгай хамгаалалтад авсан газар нутгуудад эрх мэдэлтнүүд газар эзэмшиж барилга барьдаг, Байгаль орчны яам үнэ цэнтэй газруудад аялал жуулчлалын бүс байгуулж барилга барьж байна. Иймээс цаашид ийм асуудал гаргуулахгүйн тулд Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газрынхан хариуцлагатай ажиллаж, асуудалтай газруудыг нэгтгэж танилцуулах шаардлагатай байна” гэлээ.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар нийслэлийн тусгай хамгаалалтад авсан нийт дөрвөн газар байдаг аж.

 

                                                                                                                                                                 НИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.